Wednesday, January 25, 2017

Google-ын боломжууд

Интернэт хэрэглэгчдийн дийлэнх нь Гүүглийг зөвхөн хайлт хийхдээ л ашигладаг. Тэгвэл энэхүү аварга том мэдээллийн сангийн эзэд олон гайхалтай үйлчилгээнүүдийг хэрэглэгчдэд зориулан бүтээсэн байдаг юм.
Харамсалтай нь үүнийг ашиглаж мэддэг нь тун цөөхөн. Тиймээс эдгээр олон гайхалтай боломжуудаас хамгийн бага хэрэглэгч ашигладаг хэрнээ хамгийн үр дүнтэй, өгөөжтэйг танилцуулж байна.


1. Онлайн музей

Гүүгл компани дэлхийн олон улсын үндэсний музейн гайхамшигт үзвэрийг интернэт ашиглан дэлхийн хаанаас ч үзэж болох боломжийг олгосон “Гүүгл арт” нэртэй төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Та эндээс өөрийн сонирхсон ангиллаар хайлт хийн, өндөр нягтаршилтайгаар хосгүй үнэт бүтээлүүдтэй танилцаж болох ба үүнийгээ найз нөхөдтэйгээ хуваалцаж, шейр хийж ч болох юм. Төсөөлөшгүй арвин үзмэрийн сан бүхий онлайн музейд тухалж, оюунаа цэнэглэхийг хүсвэл https://www.google.com/culturalinstitute/ цахим хаягаар хандах буюу Google art project гэсэн үгээр хайлт хийн гарч ирэх сайт руу нь зочилж болно.

 


 

 

2. Google Keep: Нарийн бичиг

Ажил хэрэгч хүн бүрийн өдөр тутмын ажилдаа хэрэглэдэг зүйл бол ажлын хуваариа бичих ширээний хуанли эсвэл ижил төрлийн аппликейшнүүд байдаг. Харин гүүгл компанийн Keep нэртэй үйлчилгээ нь таны онлайн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэнэ.
Ажил хэргийн уулзалтууд, төлөвлөгөөнүүдээ өдөр цагаар нь тэмдэглэх ба тухайн үед танд дохио илгээн сануулна. Энгийн компьютерээс гадна гар утас таблет дээрээ ч ашиглаж болно.



3. Timer: Цагны тоолуур

Энэ бол тодорхой хугацааг сонгон тэмдэглэхэд цаг хасагдах горимоор ажиллан хэдий хэр хугацаа үлдэж байгааг харуулдаг үйлчилгээ юм. Та ямарваа нэг ажлыг тодорхой цагт багтаан хийхээр төлөвлөх үед цагны тоолуурыг хэрэглэх нь хамгийн тохиромжтой. Үүнийг хэрэглэхийн тулд зүгээр л Гүүгл хайлтын цахим хуудас руугаа ороод хэдэн цаг минутын цагны тоолуур ажиллуулахыш хүсч буйгаа англиар бичихэд л хангалттай. Жишээ нь, 4 минутын тоолуур ажиллуулахыг хүсвэл four minute timer гэж бичнэ. Цагны тоолуур ажиллан хугацаа дуусах үед танд дуут дохио өгнө.



 

4. Google.com/sky: Сансрыг толидохуй

НАСА-гийн хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд болон дэлхийн сансрын агентлагийн томоохон дурангуудын тусламжтайгаар та сансар огторгуйн бодит дүрслэлийн үзэх боломжийг Google.com/sky танд олгоно. Нарны аймаг, сар, ордууд, сүүн зам гэх мэт олон сонголтуудаар сансар огторгунй гайхамшигт дүрслэлийг харж болох юм.



5. Google nGrams: Номын лавлах

https://books.google.com/ngrams цахим хуудас нь ямар нэг сэдэв болон хувь хүний тухай хэчнээн ном хэдий хугацаанд ямархуу тоо ширхэгтэйгээр хэвлэгдэн гарсан тухай нарийвчилсан графикаар харуулдаг үйлчилгээ. Хэд хэдэн сонголтоор харьцуулан харж ч болно. Эдгээр хайлтын үр дүнгээс тодорхой нэг оныг сонгох үед танд тухайн онд хэвлэгдсэн бүх номны нэр болон бусад нарийн мэдээллийг харуулна. Энэ нь нэн ялангуяа судалгаа шинжилгээний чиглэлээр ажиллаж сурдаг хүмүүст маш их хэрэгтэй үйлчилгээ юм.
Уг хайлтанд хэвлэгдсэн он болон ямар хэл дээр хэвлэгдсэн зэрэг илүү нарийвчилсан хайлтуудыг ч нэмж болох давуу талтай. Энэхүү номын архивт 1500-2008 оны хооронд хэвлэгдсэн 5.2 сая ном байдаг аж.


6. Тоог англиар унших

Олон оронтой тоог англиар яаж уншихыг мэдэхгүй байгаа тохиолдолд Гүүглээс асууж болно. Хамгийн дээд тал нь 12 оронтой тоог гүүглээр уншуулж болох ба та тоогоо цифрээр бичээд ард нь тэнцүүгийн тэмдэг /=/ тавин English гэж бичихэд хэрхэн уншихыг текстээр харуулна.

 


 

7. Google Input Tools

Энгийн keyboard буюу гарнаас оруулах боломжгүй бүхнийг онлайнд бичих боломжийг олгодог сайт бол http://www.google.com/inputtools/try/.
Энэхүү сайтыг ашиглан дэлхийн 80 орны хэл дээрх онлайн keyboard буву гарыг ашиглаж болохоос гадна гараараа шууд бичиж, зурж оруулах боломжийг олгоно. Энэ нь уншиж ойлгохгүй байгаа ханз үсэг болон элдэв төрлийн симбол буюу бэлэгдэл дүрсний утгыг олоход хялбар болгон туслах юм.

 


8. Гүүгл фонт

Танд олон төрлийн фонт хэрэг болдог бол олон зуун үнэгүй фонтыг өөртөө агуулсан Google.com/fonts сайтыг та мэдсэн байхад илүүдэхгүй.
Эндээс хүссэн үгээ олон төрлийн фонтоор харуулж, үүнээсээ хүссэнээ сонгон үнэгүйгээр татан авч хэрэглэж болох юм.


9. Панорамиотай хамтарсан гүүглийн газрын зураг


Энэ бол дэлхийн газрын зургийн хэрэглэгчдийн авсан хувийн гэрэл зургуудаар тодотгон харах онцгой боломжийг олгосон үйлчилгээ. http://www.panoramio.com/map цахим хаягаар орж хайлт хийх хэсэгт нь улс орон болон хотын нэрийг бичихэд тухайн газарт аялж зугаалж явахдаа авсан олон сая хүмүүсийн гэрэл зургууд харагдана. Жишээ нь: Монгол гэсэн нэршлээр хайлт хийхэд манай орны хөдөө тал, үзэсгэлэнт газрууд, дурсгалт сүм хийдүүд гэх мэт олон сая зургууд гарч ирнэ. Тухайн зургийг хэн гэж хэрэглэгч хэзээ авсныг ч мөн харж болно.

No comments:

Post a Comment